Болдын блог
2012-04-10
Макро эдийн засгийн ухааны судлах зүйл, үндсэн зорилго, засгийн газрын чиг үүрэг

Ангилал: Хичээлүүд

 

Лекц-1. Макро эдийн засгийн ухааны судлах зүйл,

үндсэн зорилго, засгийн газрын чиг үүрэг

 

Эдийн засгийн ухааныг дотор нь судлаж буй зүйлээс нь хамааруулан микро, макро эдийн засгийн ухаан гэж хоёр үндсэн хэсэгт хувааж үздэг боловч өрх гэр, аж ахуйн нэгж, төр хамтдаа нийлж эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх учраас макро, микро эдийн засгийг тус тусдаа бие даасан салангид шинжлэх ухаан мэтээр ойлгож болохгүй. Микро эдийн засаг нь эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэгч өрх гэр, аж ахуйн нэгжийн түвшин дэх эдийн засгийн зүй тогтлуудыг судалдаг бол макро эдийн засаг нь эдийн засгийн тогтолцооны ерөнхий зүй тогтлуудыг судлана.  Өөрөер хэлбэл макро эдийн засгийн онол нь эдийн засагт болж буй үзэгдэл, үйл явцууд тэдгээрийн хоорондын холбоо, шүтэлцээг судлан эдийн засгийн ирээдүйн төлөв байдал, чиг хандлагыг тодорхойлж байдаг. Иймээс макро эдийн засгийг улс орны эдийн засгийг бүхэл бүтэн цогц байдлаар нь авч үзэн түүний хөгжлийн зүй тогтол, хэтийн төлвийг судалдаг эдийн засгийн онолын хэсэг мөн гэж тодорхойлж болно.

Аливаа шинжлэх ухаан өөрийн гэсэн судлах зүйл, судалгааны аргатай байдгийн нэгэн адил эдийн засгийн ухаан ч өөрийн гэсэн судлах, зүйл судалгааны аргатай. Макро эдийн засгийн судлах зүйлийг дотор нь гурван бүлэгт ангилан үзэж болох юм. Үүнд:

1.    Эдийн засгийн тогтолцооны түвшин дэх эдийн засгийн юмс, үзэгдэл, үйл явцуудын  дотоод мөн чанарыг судлана. Тухайлбал: ханш уналт, ажилгүйдэл мөнгөний зах зээл, нийт эрэлт, нийлүүлэлт, эдийн засгийн өсөлт, хэрэглээ, хуримтлал гэх мэт

2.    Эдийн засгийн зүй тогтолууд буюу шалтгаант үр дагавар, холбоо хамаарлуудыг судлана. Эдийн засгийн юмс үзэгдэл, үйл явцууд нь хоорондоо нягт холбоотой, харилцан шүтэлцээтэй, нэг нь нөгөөхөөсөө хамаарсан шинжтэй байдаг. Энэхүү хамаарлыг эдийн засгийн хууль буюу зүй тогтол гэж нэрлэнэ. Тухайлбал: ханш уналт, ажилгүйдэл, зээлийн      хүүгийн түвшин, хөрөнгө оруулалт, орлого, хэрэглээ, хадгаламж  гэх  мэт  макро түвшний   юмс үзэгдэл, үйл явцууд нь хоорондоо байнгийн харилцан хамаарсан шинжтэй байна. Эдгээр харилцан хамаарал,  зүй  тогтлуудыг хэдий чинээ танин мэдэж чадна төдий чинээ аль нэг үйл явцад хийсэн зориудын өөрчлөлт нь нөгөө үйл явц үзэгдэлд хэрхэн нөлөөлж ямар үр дүн гарч болохыг урьчилан мэдэх эдийн засгийг ухамсартайгаар зохицуулж зохион байгуулах боломжтой болно. Үүнд макро эдийн засгийг судлахын зорилго, ач холбогдол оршино.

3.    Макро түвшний эдийн засгийн үзэгдэл, үйл явцуудад нөлөөлөх хүчин зүйлүүдийн нөлөөлөлийг судлана. Жишээ нь: эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, үнийн түвшин, ханш уналт, нийт эрэлт, нийлүүлэлт зэрэг бусад үзэгдэл үйл явцуудад ямар ямар хүчин зүйлүүд хэрхэн яаж нөлөөлж байгааг судлах гэх мэт.

Эдийн засгийн тогтвортой, өндөр хурдацтай өсөлтийг хэрхэн яаж хангах, эдийн засгийн нийт нөөцүүд түүний дотор капитал, газар, хөдөлмөр, санхүүгийн нөөцүүдийг нийт эдийн засгийн хэмжээнд хэрхэн яаж бүрэн дүүрэн ашиглах, бараа таваарын болон мөнгөний зах зээлийн хоорондын болон эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэрүүдийг хэрхэн яаж хангах зэрэг нь макро эдийн засгийн онолын судлах үндсэн асуудлууд юм.

Орчин үеийн макро эдийн засгийн ухаан нь доорхи асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхийг үндсэн зорилгоо болгон тавьж байна. Үүнд:

1.    Үнийн түвшин, валютын ханшийг тогтворжуулж бүхэлд нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах өнгөрсөн ба эдүүгээгийн хүн төрлөхтний хөгжлийн түүхэнд үниин түвшний тогтвортой бус байдал нь эдийн засгийн хямрал, уналт, орлого дахь тэгш бус байдал, ядуурал зэрэг нийгэм эдийн засгийн сөрөг үзэгдэл үүсэх гол шалтгаан болсоор байна. Иймээс ч макро эдийн засгийн судаачид, аливаа орны төр засгийн зүтгэлтнүүд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд ханш уналтын шалтгааныг нээн илэрүүлэх түүнийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар нарийвчилсан судалгаа хийн үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн.

2.    Эдийн засгийн бүхий л нөөцүүд түүний дотор хөдөлмөрийн нөөцийг бүрэн дүүрэн ашиглах. Хөдөлмөрийн нөөцийн дутуу ашиглалт буюу ажилгүйдэл нь нийгэм  эдийн засагт ихээхэн хэмжээний баялаг үйлдвэрлэгдэх боломж алдагдах, ядуурал нэмэгдэх, нийгмийн сөрөг үзэгдэл үүсэх үндсэн шалтгаан болж байгаа.

3.    Эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах. Эдийн засгийн салбаруудын хоорондын тэнцвэр алдагдсанаар эдийн засагт ихээхэн хэмжээний ашиглалтгүй нөөц, хүчин чадал бий болж эдийн засгийн өсөлт сааран зогсонги байдалд орох үндсэн шалтгаан болдог. Салбаруудын хоорондын тэнцвэрт байдал нь зах зээлийн механизмаар зохицуулагдах боловч энд төрийн зохицуулалт ихээхэн   чухал. ялангуяа салбаруудын хоорондын капитал, санхүүгийн нөөцийн шилжих хөдөлгөөнийг төрөөс сангийн бодлогоор дамжуулан зохицуулах нь ихээхэн үр дүнгээ өгөх боломжтой. Харин гадаад эдийн засгийн тэнцвэрийг ихэнх  улс  орны засгийн газрууд гадаад худалдааны болон валютын бодлогоор амжилттай зохицуулж байгаа билээ.

4.    Эдийн засгийн өндөр хурдацтай өсөлтийг хангах. Аливаа улс орны хөгжил дэвшил, хүн амын амжиргааны түвшин, сайн сайхан амьдарлын үндэс нь эдийн засгийн өсөлт юм. Макро эдийн засгийн судлаачид эрдэмтэд эрт дээр үеээс эхлэн улс орнуудын эдийн засгийн өсөлт хөгжлийн чиг хандлага, онцлог, нөлөөлөгч хүчин зүйлүүдийн талаар нарийвчлан судлаж хэрхэн яаж өндөр хурдацтай өсөлтөд хүрэх  арга замын талаар байнга эрэл хайгуул хийж иржээ. Эдгээр дөрвөн зорилт нь эрт дээр үеэс эхлэн макро эдийн засгийн өмнө тулгарч ирсэн бөгөөд цаашид ч макро эдийн засгийг судлаачдын өмнө тулгамдсан асуудал хэвээр байх болно.

Эдийн засгийн тогтолцоо гэдэг нь өрх гэр, пүүс, төр тэдгээрийн хоорондын болон өөр хоорондын харилцаа хэрэгжиж буй зах зээлүүдийн нийлмэл цогц мөн. үйлдвэрлэлийн хүчин зүйл, бүтээгдэхүүн, орлого нь өрх гэр, пүүс, төр гэсэн гурван субъектын хооронд нэгээс нөгөөд зах зээлээр дамжин зөрж шилжих замаар битүү орчил эргэлтийг үүсгэдэг.

Зах зээлийг дотор нь арилжаалагдаж буй объектоос нь хамааруулж хүчин зүйлийн, хэрэглээний бараа бүтээгдэхүүний, санхүүгийн гэж гурав ангилахаас гадна оролцож буй субъектаас нь хамааруулан төгс ба төгс бус өрсөлдөөнт зах зээл гэж ангилдаг.

Макро эдийн засгийн онолын үндсэн урсгал, үзэл баримтлал

Сонгодог онол. Энэ онол нь 1770-аад оны дунд үеээс үүссэн бөгөөд гол төлөөлөгчид нь английн эдийн засагч Адам Смит, Давид Рикардо нар юм. Сонгодог онолын үндсэн үзэл баримтлал нь :

·  Эдийн засаг нь үл үзэгдэгч гар буюу зах зээлийн механизм болох бараа бүтээгдэхүүний үнэ, зээлийн хүү, цалин зэргээр зохицуулагдана.

·  Үнэ, зээлийн хүү, цалингийн өөрчлөлтүүд нь хэрэглэгч, пүүсүүдэд ямар шийдвэр гаргах талаар дохио өгч байдаг.

·  Үнэ, зээлийн хүү, цалингийн уян, хатан байдал нь төрийн оролцоогүйгээр эдийн засгийг зохицуулж тэнд үүссэн сөрөг үзэгдлүүдийг шийдвэрлэж чадна гэж үздэг.

Кейнсийн онол. 1930-аад оны дундуур Английн нэрт эдийн засагч Джон Майнорд   Кейнс өөрийн алдарт бүтээл “Хөдөлмөр бүрэн эрхлэлт ба хүү мөнгөний ерөнхий онол" гэсэн номондоо анх төрийн зохицуулалт бүхий зах зээлийн тогтолцооны онолын   үндэслэлийг боловсруулан тавьсан. Уг онол нь : Үнэ, зээлийн хүү, цалин зэрэг нь удаан өрчлөгддөг уян хатан бус шинжтэй тул  зах зээлийг бүрэн зохицуулж чадахгүй. Иймээс Засгийн газар өөрийн зардал, татварын хэмжээг өөрчлөн нийт эрэлтэд нөлөөлөх замаар эдийн засагт зохицуулалт хийх нь ихээхэн үр ашигтай гэж үздэг. Кейнсийн онол 1930-аад оны дунд үеээс 1970-аад он хүртэл  нилээд давамгайлах шинжтэй байсан.

Шинэ сонгодог онол. Энэ онол нь 70-аад онд үүссэн бөгөөд гол төлөөлөгчид нь Милтон Фридман, Роберт Барро, Роберт Лукас нар юм. Уг онол үнэ, зэлийн хүү, цалин зэрэг нь уян хатан шинжтэй хэдий ч эдийн засгийн өөрчлөгдөж буй нөхцөл байдалд тэр бүр хурдан дасан зохицож чаддаггүй нь мэдээллийн тархацын хурд, нийгмийн зан заншил зэрэгтэй холбоотой. Харин эдийн засгийн субъектууд нь боломжтой бүх мэдээллийг ашиглан ирээдүйн талаар хамгийн зөв таамаглал гарган өөрчлөгдөж буй нөхцел байдалд хурдан зохицож чаддаг. Иймээс төр эдийн засагт оролцох нь эдийн засгийн байдлыг муутгана гэж үздэг.

Шинэ Кейнсийн онол. Энэ онол нь 1980-аад онд үүссэн бөгөөд гол төлеөлөгчид нь Георги Акерлот, Грегори Мэнькю, Дэвид Ровер юм. Уг онол үзэхдээ эдийн засгийн субъектууд өөрсдийн эрх ашиг, сонирхолыг дагаж байдаг ч үнийн өөрчлөлттэй зохицон байхын тулд гаргах зардлууд нь эргээд үнийн түвшинг уян, хатан бус байдалд хүргэдэг. Иймээс үнийн механизм нь эдийн засгийн тэнцвэрт байдлыг хангаж, зохицуулж чаддаггүй. Харин ч эдийн засгийн мөчлөгийн шалтгаан болдог. Ийм нөхцөлд төр эдийн   засгийг үр ашигтай ажиллуулах боломжтой гэж үздэг.

Эдгээр онолын урсгалууд нь үүссэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл бие биенийгээ устгаж үгүй хийгээгүй харин ч нэг нэгнийхээ сул талыг нөхөн хамтран оршиж ирсэн билээ.

 

Төрийн эдийн засгийн зохицуулалт

Зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой дэлхийн аль ч улс гүрнуүдийн эдийн засгийн амьдрал нь зах зээлийн механизмаар зохицуулагдаж буй боловч төрийн зохицуулалт томоохон байр суурийг эзэлж байгаа билээ.

Эдийн засгийн амьдралд нь төр шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж буй өнөөгийн эдийн засгийн тогтолцоог танин мэдэхийн тулд бидэнд зөвхөн зах зээлийн механизмыг танин төдийгүй төрөөс эдийн засгийг зохицуулах шаардлага, гүйцэтгэх үүрэг, зорилт, зохицуулалтын арга механизмыг ойлгож мэдэх нь ихээхэн чухал юм.

Сонгодог эдийн засгийн онолыг үндэслэгч Английн нэрт эдийн засагч Адам Смит 1876 онд бичсэн "Ард түмний баялаг" гэдэг алдарт  бүтээлдээ эдийн засгийн амьдрал, хүмүүсийн эдийн засгийн сонирхолд суурилсан "үл үзэгдэгч гар"-ын буюу зах зээлийн механизм  болох  эрэлт, нийлүүлэлт, үнийн механизмаар зохицуулагдаж байдгийг нээн харуулсан  билээ. Гэхдээ энэхүү зах зээлийн механизм нь дангаараа эдийн засгийг бүрэн гүйцэт, үр ашигтай зохицуулах чадваргүй, ихээхэн учир дутагдалтай болохыг XX зууны эхээр цэвэр зах зээлийн  зохицуулалттай  улс орнуудыг бүхэлд нь хамарсан эдийн засгийн гүнзгий хямрал харуулж өгсөн.

Нийгэм-эдийн засгийн амьдралд байгаа зах зээлийн механизм зохицуулж чадахгүй тэр асуудлуудыг төр гүйцээн шийдвэрлэж өгдөг учраас сая эдийн засаг тогтвортой өсч хөгжих боломжтой болдог. Үүнд л төрийн эдийн засгийн зохицуулалтын зайлшгүй шаардлага, ач холбогдол оршино.

Эдийн засгийн амьдралын ямар ямар асуудлыг зах ззэлийн механизм шийдвэрлэхдээ учир дутагдалтай байдаг вэ? гэвэл:

·         Зах зээлийн механизм нийгмийн шинжтэй асуудлыг бүрэн гүйцэт шийдвэрлэж чаддаггүй. Нийгэмд үйлдвэрлэгдэж буй баялгийн ихэнх хэсэг нь тодорхой хүнд зориулагдсан байдаг боловч мөн багагүй хэсэг нь нийгмээрээ, хамт олноороо үнэ төлбөргүйгээр хэрэглэхэд зориулагдсан байх шаардлагатай байдаг. Үүнийг нийгмийн баялаг гэнэ. Тухайлбал, анхан шатны боловсрол олгох, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, цагдаагийн үйлчилгээ, батлан хамгаалах гэх мэт үйлчилгээг нийтээрээ үнэ төлбөргүй хэрэглэдэг учраас зах ээлийн зарчмаар ажилладаг хувийн сектор санхүүжүүлэх боломжгүй. Нөгөө талаар, баялгийн тэгш бус хуваарилалт гүнзгийрч, баян ядуугийн ялгаа нэмэгдэх нь зах зээлийн зүй тогтол юм. Гэтэл эдгээр асуудлыг оновчтой шийдвэрлэхгүйгээр нийгэм хөгжин дэвжих боломжгүй.

·         Нийгэмд зах зээлийн механизмын тусламжтайгаар нөөцийн хуваарилалт явагдаж байдаг боловч тэр бүр оновчтой байж чаддаггүй. Зах зээлийн тогтолцоонд хувийн бизнесийн байгууллагууд хамгийн их ашиг орлого өгч буй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхлэх нь түүний зүй тогтол мөн боловч нийгмийн эрэлт хэрэгцээ огцом хувьсан өөрчлөгдөж байдаг, ашиг орлогын төлөөх дутуу дулимаг мэдээлэлд үндэслэгдсэн өрсөлдөөн зэргээс шалтгаалан үе үе нэг талд нөөц хэт төвлөрөх, нөгөө талд   хомсдол үүсэх үзэгдэл давтагдахад хүрдэг. Ингэж нөөцийн оновчтой биш хуваарилалт бий болсноор салбаруудын хоорондын тэнцвэрт харьцаа алдагдан улмаар нөөц бүрэн ашиглагдаж чадахгүйд хүрч эдийн засгийн өсөлт сааран хямралд орох нөхцөл болдог. Энэ нь зах зээлийн зохицуулалтын механизмын нэг үндсэн дутагдал юм.

·         Зах  зээлийн  механизм  нь үйлдвэрлэгч хэрэглэгчдэд шаардлагатай мэдээллийг зохих хэмжээгээр өгч хараахан чаддаггүй. Үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн гаргах шийдвэр, түүний үр дүн нь мэдээллээс ихээхэн шалтгаалдаг. Ялангуяа, зах зээлийн эдийн засгийг бүрдүүлэгч хэсгүүд нь хоорондоо маш нарийн холбоо хамаарал, шүтэлцээтэй болсон өнөөгийн нөхцөлд үйлдвэрлэгчид, хэрэглэгчид шийдвэр гарган үйл ажиллагаагаа явуулахдаа өргөн цар хүрээтэй, боловсронгуй мэдээлэл дээр тулгуурлах зайлшгүй шаардлагатай болсон. Бүх нийтээрээ үнэ төлбөргүйгээр авах мэдээллийн төрөл, эрэлт хэрэгцээ, шаардлага ч ихээхэн нэмэгдсэн.

Төрийн эдийн засгийн үүргүүд. Өнөөдөр дэлхийн хэмжээнд эдийн засгийн амьдралд нь төр оролцдоггүй, тодорхой зохицуулалт хийдэггүй улс гүрэн үндсэндээ алга байна. Эдийн засгийн амьдралын хэдэн хувийг зах зээлийн механизм, хэдэн хувийг төр зохицуулж байдгийг тоон үзүүлэлтээр гаргах боломжгүй боловч төрийн зохицуулалт томоохон байр суурийг эзэлж байгаа билээ. АНУ-ын нэрт эрдэмтэн, Нобелийн шагналт Леонтьев аливаа нийгмийг далайд хөвж яваа далбаат завьтай зүйрлүүлэн үзэж далбаат завь зорьсон газраа хүрэхэд түүнд салхи хэрэгтэйгээс гадна хад мөргөхгүйн тулд сайн жолоо хэрэгтэй байдгийн нэгэн адил эдийн засаг зорилгодоо хүрэхэд төрийн сайн зохицуулалт чухал юм гэж эдийн засаг дахь төрийн зохицуулалтын зайлшгүй шаардлага, ач холбогдлыг үнэлж хэлсэн байдаг.

Төрийн зүтгэлтэн хүмүүс эдийн засгийг оновчтой, үр ашигтай зохицуулахын тулд чухам юуг, яаж хийх вэ? гэдгээ маш тодорхой мэдэж байх нь чухал байдаг. Төрөөс эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь асар өргөн хүрээтэй, олон талтай боловч үйл ажиллагааных нь зорилго, чиглэлээр 5 үндсэн төрөлд ангилан үзэж болох юм.

1.    Эдийн засгийн амьдралын хуупь, эрх зүйн үндсийг бүрдүүлэх нь. Төр эдийн засгийн амьдралын хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүргийг өөртөө хүлээдэг. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд үйлдвэрлэгчид нь юуг, ямар хэмжээгээр, хэрхэн яаж, юугаар хийх, хэнд зориулж хийх, хаана, хэдийд, ямар үнээр борлуулах зэрэг үндсэн асуудлуудыг эрэлт, нийлүүлэлт, үнийн дохиог үндэслэн цэвэр бие даан шийдвэрлэх боловч энэ нь хязгааргүй эрх дарх эдлэнэ гэсэн үг хараахан биш юм. Өөрөөр хэлбэл, бусдын эрх ашгийг хөндсөн, хор хөнөөл учруулахаар эрх дарх эдлэх ёсгүй нь тодорхой. Үйлдвэрлэгчид ба хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийн өөр хооронд тогтсон харилцаа нь шударга, харилцан биенээ хүндэтгэсэн, тэгш эрхтэй байх учиртай. Энэ бол аливаа бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн амьдрах, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нэн тэргүүний шаардлагатай орчин мөн. Ийм орчин бүрдэхгүйгээр эдийн засаг хөгжих боломжгүй.

Төр хууль эрхийн актуудыг  боловсруулан гаргаж, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийн байдалд хяналт тавих замаар уг орчинг бүрдүүлж эдийн засгийн  амьдралын  хэвийн  үйл ажиллагааг хангаж байдаг. Жишээлбэл: Стандарт, хэмжил зүйн хууль, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль гэх мэт хуулийг боловсруулан гаргаж мөрдсөнөөр арилжаа худалдаа эрхлэхдээ батлагдсан жин хэмжүүрийг хэрэглэх, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг борлуулах, хэрэв хууль зөрчсөн тохиолдолд тодорхой хариуцлага хүлээлгэж байх зэргээр үйл ажиллагааг нь зохицуулна.

2.    Нөөцийг хуваарилах нь. Нийгэмд нөөцийн хуваарилалт зах зээлийн механизмын тусламжтайгаар явагдах боловч тэр бүр оновчтой болж чаддаггүй. Энэ нь нэгдүгээрт, зарим бараа үйлчилгээ илүүдэл хэмжээгээр үйлдвэрлэгдэж байхад, нөгөө бараа үйлчилгээ хомсдолтой байх, хоёрдугаарт, нийгмээрээ хэрэглэдэг боловч зайлшгүй шаардлагатай зарим бүтээгдэхүүн үйлчилгээний үйлдвэрлэлд нөөц  хүрэлцэхгүй болох зэргээр илэрдэг. Эхнийх нь салбаруудын хооронд  нөөцийн  урсгал, шилжилт оновчтой уян налархай бус болсонтой холбоотой бол хоёр дахь нь ашиг орлогоо нэмэгдүүлэх үндсэн зорилго бүхий хувийн сектор нийгмийн шинжтэй баялгийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулах сонирхол бага байдаг зэрэгтэй холбоотой юм. Нөөцийн хуваарилалт, байршилт оновчтой бус болсноор нөөц бүрэн ашиглагдахгүйд хүрч эдийн засгийн үр ашиг буурч эхэлнэ.

Зах зээлийн механизмын энэ дутагдалыг төр засаж залруулах, шийдвэрлэх үүргийг гүйцэтгэнэ. Төр татвар, улсын худалдаа зэргээр дамжуулан нөөцийн хувиарлалтанд идэвхтэй нөлөөлдөг. Жишээ нь: Тухайн нэг барааны үйлдвэрлэлд ноогдуулах татварыг өсгөхөд зардлын тогтмол түвшинд үйлдвэрлэгчдийн ашиг буурч үйлдвэрлэлээ багасгана. Харин татвараа бууруулахад ашиг өсч, үйлдвэрлэгчид уг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Хэрэв татварын өсөлттэй тэнцүү хэмжээний үнэ өсвөл татварын дарамт бүхэлдээ хэрэглэгчдэд ноогдох бөгөөд үнэ өөрчлөгдөхгүй бол бүхэлдээ нийлүүлэгчдэд ноогдоно. Гэхдээ амьдралд хэрэглэгч нийлүүлэгчийн аль алинд нь зэрэг нөлөөлдөг. Харин тухайн барааны эрэлт, нийлүүлэлтийн муруйн налалтын өнцгөөс шалтгаалан, үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж өндөртэй бараанд татварын дарамт нийлүүлэгчдэд, үнээс хамаарах эрэлтийн мэдрэмж султай бараанд татварын дарамт хэрэглэгчдэд илүү ноогддог байна.

3.    Төгс өрсөлдөөн өрнөх таатай нөхцлийг бүрдүүлэх нь. Өрсөлдөөн нь аливаа нийгэм-эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчин  болдог. Өрсөлдөөнт орчинд л  зах зээлийн механизм жинхэнэ утгаараа үйлчилнэ. Бизнес эрхлэгч бүхэн ашиг орлогоо нэмэгдүүлэхийн үүднээс зах зээлд ноёрхлоо тогтоохыг ил далд ямар нэг хэлбэрээр байнга эрмэлзэж байдаг. Энэ нь эдийн засагт дангаар ноёрхох ноёрхол (монополь) үүсэх суурь болдог.

Зах зээлийн механизм эдийн засгийн амьдралд монополь үүсэх үйл явцыг хязгаарлан барьж зохицуулж чаддаггүй. Харин ч монополь үүсч хөгжихийн хэрээр зах зээлийн механизмын үйлчлэл өөрөө суларч эхлэнэ. Монополь нь тухайн бараа үйлчилгээний зах зээлд дангаар ноёрхож буй байдлаа ашиглан зах зээл дэх нийлүүлэлтийнхээ хэмжээг бууруулах замаар зохиомол хомсдол үүсгэн үнээ хүссэн хэмжээгээр нэмэгдүүлэх боломжтой болдог. Үүнээс хэрэглэгчид хохирно. Эдийн засаг дахь монополийн ноёрхол нь нийгмийн гол хөдөлгөгч хүчин болсон өрсөлдөөнийг үгүйсгэдэг учраас эдийн засгийн өсөлт хөгжилт зогсонги байдалд ороход хүрдэг. Иймээс монополийг хязгаарласан, төгс өрсөлдөөнийг өрнөх таатай  нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн төрийн үйл ажиллагаа нь эдийн засгийн хөгжилд томоохон байр суурийг эзлэнэ.

Монополийг үүслийн шинж байдлаар нь зүй ёсны ба зүй ёсны бус гэж хоёр ангилж үздэг. Техник технологи, эдийн засгийн нөхцөл байдлын хувьд өрселдөөнт зах зээл байх боломжгүй салбарт (зам харилцаа, төмөр зам, цахилгаан, дулааны нэгдсэн хангамжийн сүлжээ, холбоо харилцаа г.м) үүссэн монополийг зүй ёсны гэх бегөөд өрселдөөнт зах зээлийн нөхцөлд илүү үр ашигтай хөгжих боломжтой салбаруудад үүссэн монополийг зүй ёсны бус гэнэ. Төр эдгээр монополиудтай ялгавартай бодлого баримталдаг. Тухайлбал, зүй ёсны монополийн хүрээнд засгийн газрын тусгай комисс байгуулан үнэнд нь хяналт тавих, бүтээгдэхүүн үйлчилгээнд тодорхой стандарт тогтоож өгөх гэх мэт. Харин зүй ёсны бус монополийн хувьд түүнийг хязгаарлаж, шударга өрсөлдөөнийт дэмжсэн хууль боловсруулан гаргаж мөрддөг.

4.    Орлогыг дахин хуваарилах. Зах зээлийн механизм нь хэн илүү их хөрөнгөтэй, бусдаас илүү авьяас чадвартай, боловсролтойд нь орлогыг илүү хуваарилдаг учир шударга шинжтэй боловч хүн бүхэн адилгүйн зэрэгцээ нийгэмд авьяас чадвар муутай, боловсрол багатай, хөдөлмөрийн чадваргүй зэрэг бага орлоготой бүхэл бүтэн давхрага байдгаас хүн амын орлого дахь тэгш бус байдал үүсч гүнзгийрэхэд хүргэдэг. Ийнхүү зах зээлийн механизмын орлого хуваарилалт нь шударга шинжтэй боловч орлого дахь тэгш бус байдлыг эрс нэмэгдүүлдгээрээ эргээд нийгэмд олон сөрөг үр дагаврыг бий болгодгийн зэрэгцээ хүнлэг талаасаа ч ихээхэн учир дутагдалтай юм.

Төр татвараараа дамжуулан орлогын тодорхой хэсгийг өөртөө төвлөрүүлэн орлого багатай, амьдралын түвшин доогуур давхрагад дахин хуваарилах замаар орлого дахь тэгш бус байдлыг зөөлрүүлэн багасгах, хүнлэг ёсыг хэрэгжүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Төр орлогоос нь хамааруулан ялгавартай татвар тогтоох, ажилгүйчүүд, хөдөлмөрийн чадвар, тэжээгчээ алдагсдад тэтгэвэр тэтгэмж, буцалтгүй төлбөр үзүүлэх зэрэг олон талт нийгмийн арга хэмжээ, программыг хэрэгжүүлэх замаар орлогыг дахин хуваарилах үүргээ гүйцэтгэж байх учиртай.

5.    Эдийн засгийг тогтворжуулах нь. Төрийн нэлээд шинэлэг бөгөөд ихээхэн чухал үүргийн нэг бол эдийн засгийг тогтворжуулах, өөрөөр хэлбэл, материалын болон хүний нөөцийн бүрэн ашиглалтыг хангаж, үнийн түвшинг тогтвортой байлгах явдал юм. Аливаа эдийн засаг өөрт байгаа материалын болон хөдөлмөрийн нөөцийг бүрэн ашигласан нөхцөлд сая хамгийн хурдацтай хөгжих боломжтой. Харамсалтай нь ихэнх улс орнуудад, ялангуяа зах зээлийн тогтолцоонд шилжиж буй манай оронд бүхий л нөөцийн ашиглалт туйлын хангалтгүй байгаа билээ.

Зах зээл өндөр хөгжсөн орнуудын практик туршлагаас үзэхэд энэ асуудлыг шийдвэрлэхэд зах зээлийн механизм чухал үүргийг гүйцэтгэж байгаа боловч төрийн үүрэг, зохицуулалт нэн чухал ач холбогдолтой болох нь харагдаж байна. Иймээс монгол улсын төрийн өмнө нийгэмд байгаа нөөцийн ашиглалтыг эрс сайжруулан мөнгөний ханш уналтыг зогсоож, эдийн засгийг тогтворжуулах явдал нэн тэргүүний зорилт болон тулгарч байна.

Эдийн засгийн тогтворгүй байдлыг бий болгодог сөрөг үзэгдлүүдээс ажилгүйдэл, ханш уналт хоёр нь голлох нөлөөг үзүүлдэг. Засгийн газраас оновчтой зөв санхүү-зээл мөнгөний бодлогоор дамжуулан уг асуудлыг шийдвэрлэх боломжтой.

 


Comments

2017-01-04 -

Бичсэн: Х.Ергали (зочин)

маш сайн хчиээл байна баярллла

. Шууд холбоос



Бичлэг: 9 » Нийт: 35
Өмнөх | Дараагийн


Санхүү менежер

Сүүлийн бичлэгүүд

. Бизнесийн үнэлгээ хийх арга зүй Д.Ганхуяг
. НББМСистем 2014-2015
. "Удирдлагын бүртгэл" 2014-2015 хичээлийн жил
. "Санхүүгийн менежмент" 2014-2015 оны хичээлийн жил
. "Санхүүгийн тайлан шинжилгээ" 2014-2015 оны хичээлийн жил
. Популизмын хориг
. “Маркетингийн үндэс" хичээлийн хөтөлбөр
. Ажилгүйдэл Түүний төрлүүд
. Макро эдийн засгийн ухааны судлах зүйл, үндсэн зорилго, засгийн газрын чиг үүрэг
. Макро эдийн засгийн төлөвлөгөө
. Санчир гаригийн систем
. Нарны аймаг
. Хятад маягийн сvvний худалдаа
. Хэрэгтэй холбоосууд
. Шинэ технологи

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Зохиогчийн эрх

© Болдын блог




:-)
 
xaax